Хүүхдийн анхны сүүн шүд цухуйх үед анхаарах зүйлс
Ихэнх хүүхэд 4-6 сартайд анхны цахиур цухуйдаг , ихэвчлэн доод үүдэн шүднээс эхлэн ургана . Эхний хос шүд цухуйснаас эхлэн 4 сар тутамд нэг хос шүд гарах ба 2 нас хүрэх үед 20 сүүн шүдтэй болсон байна . Энэ үед зарим хүүхэд тайван бус болох , хоолны дуршил буурах , тайван унтаж чадахгүй , шүлс гоожих , халуурах , буйл хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ . Хүүхдийг эхний шүд нь цухуйнгуут , нэг настайд , нэг нас хагастайд шүдний эмчид үзүүлэхийг зөвлөе .
Аав ээжүүд хүүхдийн сүүн шүд хэт эрт юмуу хэт орой цухуйж багааг анхааралтай ажиглах хэрэгтэй . Зарим хүүхэд төрөнгүүтээ буюу төрөөд нэг их удалгүй сүүн шүд нь цухуйдаг . Гэтэл энэ шүд нь ихэвчлэн ёзооргүй байдгаас амархан унадаг . Хэрвээ аман дотроо унаад цааш залгигдвал хүүхэд хахах бөглөрөх аюултай . Иймд хүүхдийн шүд хэт эрт гарвал нэн даруй эмчид үзүүлэх шаардлагатай . Үүнээс гадна нэг нас хүрсэн хүүхэд шүд цухуйгаагүй бол буйл хэт зузаан эсвэл сульдаа өвчний улмаас болсон байх магадлалтай тул мөн амны хөндийн бүх төрлийн үзлэг хийлгэх хэрэгтэй
Хоёрдугаарт , аав ээжүүд хүүхдийн амны хөндийг цэвэр байлгах шаардлагатай . Шүд цухуйгаагүй байсан ч амны хөндийн ариун цэвэр нь хойшид ургах шүдэнд нөлөөлнө . Хөхөө хөхдөг болохоор ам нь цэвэрхэн гэж бодож болохгүй . Хүүхэд хоол идсэний дараа бүрт буцалсан ус араас нь уулгаж амны хөндий ба буйлны салст бүрхэвчийг цэвэрлэнэ . Эсвэл цэвэр марлиар зөөлөн арчина . Хүүхдийн үүдэн шүд гүйцэд цухуйсны дараа хүүхдийн зориулалтын оо , сойзоор угаана . Хүүхдийг соска зуусан чигт нь унтуулж болохгүй . Энэ нь шүд хорхойтуулахаас гадна шүд жигд бус ургахад хүргэдэг .
Хүүхдийн шүд цухуйхын өмнө буйл нь маш их загатнаж , барьж авсан юм бүрээ амандаа хийж хаздаг болно . Энэ үед нь хүүхэд ямар нэгэн аюултай юм ам руугаа хийх буюу хатуу зүйл хазаж буйлаа гэмтээхээс хамгаалаарай . Хүүхдийн ойр орчимд байх тоглоом , эд зүйлс нь хамгийн багадаа теннисний бөмбөгнөөс багагүй байх нь залгих, хоолойд тээглэхээс сэргийлнэ . Хүүхдэд зориулалтын хаздаг тоглоомыг хазуулж байх нь хүүхдэд юм хазах дасгал болж мөн шүд жигд ургахад тустай . Хүүхдийн тоглоом , соска зэргийг байнга цэвэр байлгана .
Хүүхдийн сүүн шүд цухуйж өвдөх үед аав ээжүүд сандралгүй өөрсдийн үзүүлж чадах тусламжийг үзүүлэх буюу хүнд үед эмч дуудна .
Зарим хүүхдүүд халуурдаг бөгөөд 38.5-с хэтрэхгүй халуунтай боловч ааш зан сэргэлэн цовоо , хоолоо зүгээр идэж нэг их уйлахгүй бол хүүхдэд ахиухан ус уулгахад л болно . Харин 38.5-с их халуунтай , тайван бус , хэт их уйлаад хоол идэхгүй , гэдэс гүйлгэх зэрэг тохиолдолд халдвар орсон байж магадгүй тул эмчид яаралтай үзүүлнэ .
Чацга алдах : Зарим хүүхэд чацга алддаг . Хүүхэд илэрхий ихээр чацга алдаад байвал хүүхдийн нэмэгдэл хоолыг түр зогсоож шингэн зутан зэрэг амархан шингэх хоол өгөх ба аяга халбагыг ариутгана . Хэрвээ өдөрт 10с дээш удаа чацга алдвал , мөн усархаг байвал эмчид яаралтай үзүүлнэ .
Шүлс ихээр гоожих нь анхны сүүн шүд цухуйхын өмнөх хэвийн илрэл бөгөөд шүлсэвч зүүж амыг нь сайн арчиж байна . Мөн бүлээн буцалсан усаар ам хавийг нь угааж тос түрхэж байна . Хүүхдийн хувцас , дэр зэргийг дор дор нь угааж хатаана .
Хүүхэд зогсолтгүй уйлаад , унтахгүй байвал ихэвчлэн хаздаг бичээн өгч хүүхдэд хазуулж анхаарлыг нь өөр зүйлд сатааруулах , хүйтэн тараг уулгах зэргээр тайвшруулна .
Буйл хавдах , улайх , өвдөх тохиолдол байна . Хэрвээ идээ гарах , ойр тойронд нь халуу оргих зэрэг шинж илэрвэл халдвар орсон байх магадлалтай тул нэн даруй эмчид хандаарай .
Эх сурвалж : baobao.sohu.com-с товчлон орчуулав